Сүхбаатар аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Эрдэнэцагаан сум, Бичигт боомтод ажиллалаа

2020 оны 3 сарын 5 225

Аймгийн Засаг даргын 2020 оны А/162 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 3 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Эрдэнэцагаан сум, Бичигт боомтод ажиллалаа.

Ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Өлзиймөнх ахалж, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Р.Сайнбаяр, Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Ц.Дуламсүрэн, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга  П.Болормаа, Онцгой байдлын газрын ажилтан С.Батсүх, Авто тээврийн төвийн дарга Б.Отгонбаяр, Тагнуулын хэлтсийн ажилтан  З.Золжаргал, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасгийн дарга Ж.Итгэлт нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав.

Эрдэнэцагаан суманд ажиллах хугацаандаа сумын Шуурхай штаб болон Эрүүл мэндийн төвийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй  нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, мэргэжил арга зүйн удирдлага туслалцаагаар хангаж ажилласан бөгөөд цаашид хийх ажлын талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Ажлын хэсэг Бичигт авто замын боомтод ажиллах хугацаандаа Эрдэнэцагаан сумын онцгой комиссын дарга Батгэрэл, боомтын зөвлөлийн дарга Мөнхбаатар нарыг байлцуулан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор  өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн түүнчлэн Боомтын шуурхай удирдлагын штабыг  байгуулж, бэлэн байдлыг хангуулах, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний шуурхай багийг томилгоожуулж, төлөвлөгөө гаргуулан боомтын ажлын зургийг гаргуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байна. Цагийн байдал зарлаж, тактикийн сургалт зохион байгуулан,  хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дадлага сургуулилтыг газар дээр нь хийлгүүлэв.

Ажлын хэсэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлтээ гарган аймгийн Онцгой комисст танилцуулсаны дагуу2020 оны 3 сарын 9-ны өдөр төрийн байгууллагууд болон уул уурхайн компаниудын төлөөлөл, Бичигт боомтын холбогдох албан тушаалтнууд, Эрдэнэцагаан сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ