ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2020 оны 1 сарын 23 513

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгжээс БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнийг мэдээлсэн.

Тиймээс дараах хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үүнд:

Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай тогтмол хийж, бодисын хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар баталсан “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсаар асуумж авч, халуун хэмжих төхөөрөмжийн тусламжтайгаар зорчигчийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөн хилээр нэвтрүүлж байна.

БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатган  ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, МХЕГ-ын даргын “Заавар батлах тухай” 2018 оны А/192 тушаалын “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах заавар”-ын 4-р хавсралтын хүрээнд хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөний зохион байгуулалт болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, амны хаалт, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж боомтын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ