ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2019 оны 6 сарын 14 97

Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг хөргөгчгүй нөхцөлд буруу хадгалж борлуулах буюу хоол бэлтгэх явцад эрүүл ахуйн горим алдагдах, гэрийн нөхцөлд баяр ёслолын үеэр хоол хүнсийг их хэмжээгээр нөөцлөх, боловсруулж бэлтгэн удаан хугацаагаар хадгалж хэрэглэх, нэг дор олон төрлийн хоол, хүнсийг их хэмжээгээр хэрэглэх /ялангуяа бага насны хүүхэд/ явдал их байдаг нь хоол хүнсээр дамжин хордлого, хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлдэг билээ.

Иймд хоол, хүнснийхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр ИРГЭДЭД дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож худалдан авах
    1. Хүнсний бүтээгдэхүүний гадаад байдал, биет байдал, амт, үнэр, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах.
    2. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгаж авах, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тодорхойгүй тохиолдолд худалдан авахгүй байх.
    3. Ил задгай хүргүүргүй нөхцөлд хадгалж, худалдаалж байгаа бэлэн болсон хоол, хүнсний түргэн гэмтэх бүтээгдэхүүн /бялуу, бялуун бүтээгдэхүүн, хиам, студень, зууш зэрэг/-ийг худалдан авахгүй байх.
    4. Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс тусдаа тор саванд хийж зөөвөрлөх.
  2. Хоол хүнсийг зөв хадгалах
    1. Хоол хүнснийг гүйцэд боловсруулах, хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих температурын аюултай бүс буюу тасалгааны хэм /+4 өөс +60/-д хоол хүнсийг нэг цагаас илүү хугацаагаар хадгалахгүй байх,  температурын аюултай бүсэдхоёр цагаас илүү хадгалсан хоолыг хэрэглэхгүй,шууд устгах, хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчид хийх.
    2. Хоол түргэн хөрж, нян үржих боломжийг багасган илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах, хуванцар сав хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орох эрсдэлтэй тул хэрэглэхээс зайлсхийх.
    3. Түргэн гэмтэж муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалах, хэрэглэхийн өмнө сайтар шалгах, хугацаа дууссан, илт муудсан, бохирлогдсон шинж байвал хэрэглэхгүй байх, шууд устгах.
    4. Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод

тавиур дээр хадгалах, хөргөгчийг хэт дүүргэхгүй байх.

  1. Хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх.
  2. Хоносон хоол хэрэглэхгүй байх, ялангуяа тасалгааны хэмд хонуулсан хоолонд нян үржих тааламжтай нөхцөл бүрддэг тул хордлого үүсгэх эрсдэлтэй.
  1. Хоол хүнсийг аюулгүй хэрэглэх
    1. Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших, гарын алчуурыг цэвэрхэн байлгах эсвэл зориулалтын цаасан салфетка хэрэглэж занших.
    2. Ундны усыг заавал буцалгаж уух, ус хадгалах савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн шавхаж, хүнсний содоор угааж цэвэрлэх.
    3. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих.
    4. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа тогтмол угаах хэвших. хоол идэж байхдаа утсандаа хүрэхгүй байх.
  2. Хоол хүнсийг аюулгүй бэлтгэж, боловсруулах
    1. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.
    2. Гэрийн тэжээмэл амьтдыг хоол бэлтгэж байгаа газраас хол байлгах, хоол хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах.
    3. Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь зүйтэй.
    4. Хоолны хэрэгслэл, сав суулгын угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байх, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх
    5. Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлга.
    6. Хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар болго.

СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Сүүлд нэмэгдсэн мэдээ