Газар эзэмшихийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад

2019 оны 11 сарын 22 350

Газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрхийн гэрчилгээгээр газрыг ашиглуулна.

Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.

Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 3 төрөлтэй байна. Үүнд:

1.Гэр бүлийн хамтын хэрэгцээний

2.Төрийн байгууллагын

3. Аж ахуйн нэгж, байгууллагын

              Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ нь:

Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.

Мөн  гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болох бөгөөд  нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт байж болно.

.Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно

Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргавал нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.

           Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага :

Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.

Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

            Газар эзэмших тухай хүсэлт гаргахад анхаарах зүйлс

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад / Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон сумын газрын даамалд/ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын / Өргөдлийн маягт бөглөх/  дагуу гаргана.

 Өргөдөлд овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа.

Аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг,газар эзэмших зориулалт, хугацаа.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь газар эзэмших, ашиглах хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал,газрын албаны эрх бүхий албан тушаалтан зохих  журмын дагуу бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.

Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.

Хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдааны  зарчмаар шийдвэрлэнэ.

Дуудлага худалдаагаар  газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.

Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг,  сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно. Ерөнхий төлөвлөгөөгөө хийлгээгүй буюу батлаагүй аймаг, сум байгаа бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.

Хэрэв иргэн, аж ахуйн нэгж байгууллагад аймаг,  сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн болон таны газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн байгууллагад хандаж хууль зөрчсөн аймаг, сумын Засаг даргын шийдвэрийг цуцлуулах эрхтэй. 

Мөн иргэн таны гэр, орон сууц, бизнесийн орчин, амьдрах орчны эрх аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгосон газрын улмаас ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах хэрэгтэй. / Бизнесийн үйл ажиллагааг хаасан гм/

Төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно.

.Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай тухайн шатны Засаг даргын шийдвэрийг /захирамжийг/ үндэслэн сумын газрын даамал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Хэрэв газрыг дундаа эзэмших бол нэг гэрээтэй байж болно. Гэрээ байгуулсны дараа газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд  бүртгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл та газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж байгуулбал тэдгээр хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй гэсэн үг.

               Газар эзэмшигчийн эрх:

      1. Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах,

      2. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах,

                      3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх,

      4. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх,

                5. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах,

                     6. Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно,

                     7. Газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах

Газар эзэмшигчийн үүрэг:

                   1.  Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх,

               2. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх,

                  3.  Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх,

                  4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх,

                  5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх,

                  6. Хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх

             Кадастрын зураглал хийх:

          Кадастрын зураглалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагаас уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хийнэ.

            Дээрх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр хийлгэсэн кадастрын зургийг аймаг, нийслэл дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хүргүүлэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл өөрчлөлт оруулах шаардлагатай.

             Эзэмшилд олгогдсон газраа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс үүдэн уг байршилд давхардуулан газар олголт хийх, өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар дээр нь хашаа барьж газрын зөрчил маргаан үүсдэг тул заавал газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг анхаарах нь зүйтэй.

                  Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах талаар:

                 Газар  эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана.

                 Бүрдүүлэх материал:

1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

2. Газрын төлбөрийг төлсөн тухай баримт

        3. Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт

                 Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл:

Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон

Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй

Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. /2 жил дараалан ашиглаагүй хугацааг газар эзэмших гэрээ байгуулсан өдрөөс эхэлж календарийн 2 жилийн хугацаагаар тооцдог ж нь: 1999.09.19- 2001.09.19/

Мөн газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тухайн шатны засаг дарга шийдвэр гаргаж газар эзэмших эрхийг цуцлана.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний  талаархи мэдээ, мэдээлэл болон өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох хяналтын хуудсыг www.inspection.gov.mn сайтаас үзэж болно.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ